УУХҮЯ, БОАЖЯ, МУИС, ШУТИС, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль хамтран "Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
УУХҮЯ нь уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд МУИС-ийн "Байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн Азийн санаачилга” хөтөлбөрийг дэмжин хөгжүүлж, хамтран ажиллахыг зорьж байна.
"Байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн Азийн санаачилга” хөтөлбөр нь эрдэс баялаг, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөрөнгө оруулалт, ногоон технологийн талаарх эрх зүйн орчныг үндэсний, бүс нутгийн түвшинд судалж, Ази дахь байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн инновацийн төв бий болгон хөгжүүлнэ. Мөн "Байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн” бие даасан, магистрийн хөтөлбөрийг 2024 оноос эхлүүлэх аж.
Хөтөлбөрийн хүрээнд "Уул уурхайн эрх зүйн зохицуулалт, туршлага” сургалтыг олон улсын түвшинд 2022 оны 11 сард, мөн "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эрх зүй” сургалтыг дотоодод 2023 оны 4 сард зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ санаачилга нь хамтран ажиллагч түнш байгууллагын төлөөллөөс бүрдсэн Удирдах хороо, Академик хороотой байхаас гадна баялгийн засаглал, геологи, уул уурхай, байгаль орчин, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн салбар, чиглэлийн залуу судлаач, мэргэжилтнүүдийг дэмжин, хамтран ажиллах юм.