Дэлхийн банк 2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг нэг гаруй хувиар бууруулж байгаагаа мягмар гарагт мэдэгдлээ. Мөн стагфляцийн эрсдэлд санаа зовниж буйгаа тус байгууллага илэрхийлжээ.
"Олон орны хувьд эдийн засгийн уналтаас зайлсхийхэд хүнд байх төлөвтэй байна” гэж Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс хэлсэн байна. Тус банк энэ онд дэлхийн өсөлт 4.1 хувьтай байна гэж нэгдүгээр сард урьдчилан таамаглаж байсан бол одоо 2.9 хувь болгож бууруулжээ.
Мөн 2023, 2024 онд өсөлт 3 орчим хувьтай байна гэж үзэж байна. Дэлхийн банкны тооцоогоор, энэ онд газрын тосны үнэ 42 хувиар өсөх бол эрчим хүчний бус түүхий эдийн үнэ 18 хувиар өсөх төлөвтэй байна. Түүнчлэн одоогийн үнийн өсөлтийг 1970-аад оны хямралтай жишжээ.
Д.Малпассын хэлснээр, дэлхийн өсөлтөд Украины дайн, Хятадад "COVID-19” халдварын улмаас тогтоогоод буй хөл хорио, нийлүүлэлтийн сүлжээний саатал нөлөөлж байна. Орос Украин руу довтолсон нь эрчим хүч, буудайн олон улсын худалдаанд ноцтой саатал үүсгэж, дэлхийн эдийн засгийн цар тахлаас сэргэх үйл явцад нөлөөлөөд байна. Үүний зэрэгцээ хоол тэжээлийн дутагдал, өлсгөлөнд нэрвэгдэх ноцтой эрсдэл бийг ч мөн сэрэмжлүүлжээ.