Одоогоор Улаанбаатар хотод 20 "RVM” машин байрлуулжээ
Монгол Улс жилд дунджаар 20 мянган тонн хуванцрын хаягдал гаргадаг. Үүний дийлэнх буюу 15 мянган тонныг ундаа усны сав эзэлдэг. Эдгээрээс ердөө 30 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг байгальд хаядаг байна. Шалтгаан нь олон нийтийн газарт хогийг ангилж хаях сав хангалттай байдаггүйтэй холбоотой. Тэгвэл энэ асуудлыг шийдэж Улаанбаатарт хуванцар хаягдлын ухаалаг цэг байгуулжээ.
Энэ хаягдал хүлээн авах "RVM” автомат машиныг Монгол залуус үохион бүтээн үйлчилгээнд нэвтрүүлээд байна. "RVM” автомат машинаар үйлчлүүлж буй иргэд хуванцар хаягдлынхаа жин болон доторх шингэний үлдцийг бүрэн асган хийснээр тохирсон мөнгөн дүн бүхий QR кодтой тасалбар авна. Ингээд тус кодыг "Mongol chat” аппликейшнээр уншуулж өөрсдийн дансандаа бэлэн мөнгө болгож авах юм байна.
Энэ автомат машин нь -40 хэмд ажиллах боломжтой, 4G технологи, iCloud программ хангамжтай. Иргэд тус машинд хөнгөн цагаан лааз, ундааны сав, жижиг цаасан хайрцаг хийж бар кодтой билл аваад, бар кодоороо автобусны картаа цэнэглэх боломж мөн бүрдэх юм байна.
НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү "Хүмүүс гэртээ, албан байгууллага дээрээ хогоо ангилдаг ч хаана аваачиж өгөх вэ гэдэг нь асуудалтай байдаг. Хоёр дахь түүхий эд авах цэг дээр аваачиж өгөх дур сонирхол иргэдэд байдаггүй. Иймээс хог бол баялаг юм. Гэртээ байгаа нэг ширхэг лааз ч гэсэн эдийн засгийн хувьд үр ашигтай юм гэдэг утгаараа энэхүү үйлчилгээ нь иргэдэд хэрэгтэй үйлчилгээ болж байгаа” гэв.
Уг автомат машин нь хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн найдвартай эх үүсвэр болох юм.