"Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг УИХ-д танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдав.
Тус хурлаар түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг 100 хувийн саналаар дэмжиж баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Батлут нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд Монгол Улсын хэмжээнд эмийн аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрснийг тодотгоод эмийн хангамж, чанар, үнэ, тендер шалгаруулалт, хуурамч эмийн хяналтын тогтолцоонд өөрчлөлт хийхэд олон хүндрэл бэрхшээл тулгарахыг онцолж байлаа. Мөн түр хороо хөндлөнгийн шалгалт хийснээр Монгол Улсын эмийн сүлжээний тогтолцоог шинэчлэх, гарч байгаа томоохон алдаа дутагдлыг илрүүлж, хяналтыг сайжруулах бодит үр дүнд хүрэх шаардлагатайг илэрхийлж байлаа.