НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан яг одоо нийслэлийн "Хангарди” ордонд болж байна. Энд ирвэл зохих 45 төлөөлөгчөөс 25 нь ирснээр хуралдаан эхэллээ. Хуралдаанаар:
- Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлыг хэрэгжүүлэх чиглэл батлах тухай,
- Иргэдийн шилжилт хөдөлгөөний талаар санал аван дэмжих тухай,
- Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн талаарх саналыг дэмжих тухай,
- Авто зам ашигласны талаар авах зарим арга хэмжээний тухай,
- Авто зогсоолын талаар авах зарим арга хэмжээ зэрэг 10-аад асуудлыг хэлэлцэх юм.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар түгжрэл, хүн амын төвлөрлийг бууруулах зорилгоор орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох саналыг НИТХ-д оруулсан юм. Түүний гаргасан саналыг өнөөдөр НИТХ-аар хэлэлцэнэ. Автомашины зогсоолын талаар авах арга хэмжээний хүрээнд НИТХ дахь зарим намын төлөөлөгчдөөс автозогсоолын төлбөрийн доод хэмжээг нэмэх байдлаар, тодруулбал, 4 цагаас дээш хугацаанд машинаа зогсоовол цаг тутамд 4500-аас дээш төгрөгийн төлбөртэй болох талаар санал гаргажээ.
Хуралдаанаар мөн Улаанбаатар хотын "Шинэ тойрог зам тавих", "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-үүдийг тус тус танилцуулж байна. Мөн түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийн өртөг тооцсон аргачлал, арга зүйн судалгааны үр дүнг иргэд олон нийт, ААН, байгууллага, эрдэмтэн судлаач нар болон нутгийн удирдлагын байгууллагуудад танилцуулах юм.