Тус талбай нь тамирчдын хувцас солих өрөө, өндрийн гэрэлтүүлэг, ариун цэврийн өрөө зэрэг бүтээн байгуулалтууд бүрэн хийсэн аж.
Төвийн бүсийн тулгуур төв Дархан хотод олон улсын чанартай хөлбөмбөгийн талбай ашиглалтад орсон нь олон давуу талтай. Улс, орон нутгийн чанартай томоохон уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна олон улсын цуврал тэмцээнүүдийг ч зохион байгуулах бүрэн боломжтой аж.
2020 оны тавдугаар сард эхэлж долдугаар сард ашиглалтад орох байсан ч цар тахал болон бусад шалтгааны улмаас хугацаанаасаа хоёр жил хоцорч ашиглалтад орж байна. Хөлбөмбөгийн талбай барих анхны төсөвт өртөг нь 1.6 тэрбум төгрөг байсан бол 2.5 тэрбум болж өссөн аж.
Учир нь өндрийн гэрэлтүүлэг, тамирчдын хувцас солих өрөө, ариун цэврийн байгууламж зэргийг нэмж байгуулжээ. Ингэснээр тус талбайд өдөр, оройн аль ч цагт тэмцээн, уралдаан зохион байгуулах бүрэн боломжтой. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар хөлбөмбөгийн гадна талбайд 300 машины авто зогсоол, 1340 хүний зөөврийн суудлыг хүлээлгэн суурилуулжээ.
Хөлбөмбөгийн талбайн нээлтийн анхны тоглолтод урилгаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Дархан хотын үе үеийн хөлбөмбөгийн тамирчид, сонирхогчид оролцлоо.
Мөн үеэр хөлбөмбөгийн холбооноос ЕБС-иудад бөмбөг гардуулж, тус спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн Б.Туулхүүг Дархан-60 жилийн ойн медалиар шагнав.
Шинээр ашиглалтад орж буй талбайдаа Увс аймагт болсон улсын аваргын тэргүүн байр эзэлсэн С.Жаргалсайхан дасгалжуулагчтай аймгийн Хөл бөмбөгийн шигшээ багийнхан аваргын цомоо заллаа.
Дархан хотын 60, 61 жилийн ой, стандарт талбайн албан ёсны нээлтэд зориулсан Хөл бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг энэ сарын 20-ны өдрийг дуустал зохион байгуулна.