Монголын Арьсан Урлагийг Хөгжүүлэх холбоог үүсгэн байгуулагч, МУСТА, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, арьсан урлаач Т.Баттулгын "Арьс амилахуй” бие даасан 9 дэх удаагийн уран бүтээлийн үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болж байна.
Нүүдэлчдийн соёл, уламжлалт арьсан урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор энэ удаагийн үзэсгэлэндээ тэрбээр орчин үеийн хэв маягт оруулан шигтгэн бүтээсэн арьсан хөөмөл болон арьсан авдартай хослуулсан 30 гаруй уран бүтээлээ дэлгэжээ.
Мөн энэ үеэр арьсан урлагийн өв соёлыг олон жил судалсан уран бүтээлийн судалгааны эмхэтгэл болгон "Арьс амилахуй" номын нээлтээ хийж буйгаараа онцлогтой юм.
Монголчуудын уламжлалт урлагийн нэг төрөл арьсан урлаг нь соёл урлагийн чухал салбар юм. Уран бүтээлч Т.Баттулга арьсан хөөмлүүд болон нүүдэлчин монголчуудын амьдралын түүхийг тээсэн уламжлалт өв соёл, амьдралын гүн ухаан агуулагдан үлдсэн авдрыг 30 гаруй жил судлан бүтээлээ хийж байна.
Үндэсний уламжлалт хэв шинжийг орчин үеийн донж хийц, сэтгэлгээний урлагтай уялдуулан уран бүтээлээ туурвидаг тэрбээр 1987 онд МУЭ-ийн нэрэмжит шагналт, Дүрслэх дизайн сургуулийн арьсан урлагийн ангийн багш Ж.Доржсүрэнгийн урланд Чимэглэгч- зураач мэргэжлээр суралцаж төгссөн.
Үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Монгол арт галерейн II давхрын үзэсгэлэнгийн их танхимд үргэлжилнэ.