Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев албан ёсны айлчлал хийхээр Астанад мягмар гарагт хүрэлцэн ирсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкенийг хүлээн авч уулзжээ.
Төрийн тэргүүн Америкийн дипломатчийг хүлээн авч уулзахдаа, Казахстан, АНУ дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын болон олон талын хэлбэрээр үлгэр жишээ хамтын ажиллагаа өрнүүлсээр ирснийг онцолсон байна.
Касым-Жомарт Токаев мөн Вашингтон, Астанагийн стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэмэлт түлхэц өгөх нь чухал болохыг тэмдэглээд, аюулгүй байдал, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг стратегийн чухал салбар дахь найдвартай урт хугацааны түншлэлийг өндрөөр үнэлэв.
Казахстаны төрийн тэргүүн хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, Казахстаны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг тууштай дэмжиж байгаад Америкийн талд талархал илэрхийлжээ.
Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярихдаа, Ерөнхийлөгч АНУ нь Казахстанд нийт 62 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг гэдгийг мэдээлсэн байна.
Тэрбээр мөн "C5+1” хэлбэрээр хийж буй хамтын ажиллагааг урагшлуулах талаар гаргаж буй АНУ-ын хүчин чармайлтыг сайшааж, Төв Азийн орнууд болон АНУ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Астана хотод зохион байгуулах нь чухал болохыг цохон тэмдэглэжээ.
Хариуд нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга найрсгаар хүлээн авсанд Касым-Жомарт Токаевт талархал илэрхийлж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэндчилсэн халуун үгсийг түүнд уламжилсан байна.
Э.Блинкен хоёр орны харилцааны 30 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтыг улам ахиулж, Казахстан-Америкийн түншлэлийн харилцааг хоёр талын түвшинд гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр, Казахстан, Америк бат бөх харилцаатай бөгөөд энэ харилцаа цаашид ч бэхэжиж, АНУ энэ чиглэлээ тууштай баримтлах болно.
Э.Блинкен мөн Казахстанд хийгдэж буй улс төр, эдийн засгийн шинэчлэлийг өндрөөр үнэлэсэн байна.