Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын урилгаар ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзев Монгол Улсад айлчилж байна.
Соёлын дэд сайд М.Батбаяр тус айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй Эрхүү мужийн Соёлын сайд хатагтай Полунина Олеся Николаевна тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 23-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд соёл урлагийн салбарын хамтын ажиллагаа, хамтран зохион байгуулах боломжтой төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов.
Тухайлбал, Соёлын дэд сайд М.Батбаяр Монгол Улсын Соёлын яам, ОХУ-ын Соёлын яам 2022-2024 онд хамтран ажиллах соёлын хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, энэ хүрээнд Монгол Улсын Чингис хаан музей, Эрхүү мужийн Н.Н.Муравьев-Амурын нэрэмжит Орон нутаг судлалын музей болон Монгол Улсын Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, В.П.Сукачевын нэрэмжит Эрхүү хотын Дүрслэх урлагийн музей хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж шууд хамтын ажиллагааг эхлүүлэх нөхцөл бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Мөн талууд Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын соёлын харилцааг өргөжүүлэх, жил бүр зохион байгуулдаг олон улсын түвшний соёл урлагийн фестиваль, өдөрлөг үзэсгэлэнд уран бүтээлчдээ оролцуулах, залуу уран бүтээлчид, зураачдын үзэсгэлэнг харилцан зохион байгуулах, сонгодог бүтээл, драмын жүжиг харилцан солилцож, хүүхэлдэйн театруудын хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах боломжтой болохоо илэрхийлэв.
Түүнчлэн УДБЭТ-ын тайзнаа 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Илмар Лапиньшийн удирддаг Амбан захирагчийн нэрэмжит Эрхүү мужийн Филармонийн симфони найрал хөгжим болон ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Вячеслав Соколовын удирддаг "Байкал-квартет” чуулгын хамтарсан тоглолтыг зохион байгуулсан бөгөөд энэ нь Эрхүү мужийн хөгжмийн соёлыг зохих ёсоор танилцуулж, хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсныг онцлон тэмдэглэлээ.