СЕХ-ны удирдлагууд Нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны хуралдаанд оролцож, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцсон байна. Хуралдаанд нийслэлийн болон есөн дүүргийн сонгуулийн хорооны удирдлага, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд оролцож, бэлтгэл ажлын үйл явцыг мэдээлэв.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран ил тод, нээлттэй байдлыг бүрэн хангаж ажиглагч, иргэд хяналт тавих боломжийг бүрдүүлэх талаар сонгуулийн хороодын удирдлагуудад чиглэл өгсөн байна. Түүнчлэн хүний эрхийн мэдрэмжтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах зөвлөмжийг дагаж ажиллахыг сонгуулийн хороодын ажилтнуудад сануулсан байна.
Нийслэлийн хэмжээнд нэг сая 93 мянган сонгогч 513 санал авах байранд саналаа өгөх бөгөөд 6000 орчим төрийн албан хаагч ажиллаж байгаа юм.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлэх аж. Энэ удаагийн сонгуулиар 800 гаруй бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан ажиллах бөгөөд 2000 дээш сонгогчтой хэсгийн хороонд хоёр ажилтан байхыг Нийслэлийн бүртгэлийн газраас мэдээллээ.