Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажилладаг сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалж, тэдний мэргэжил мэдлэгийг дээшлүүлж, чадавхжуулах эрх, үүрэг бүхий байгууллага Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн /МСНЭ/ ээлжит их хурал ирэх хоёрдугаар сарын 8-ны өдөр болох юм. Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгох асуудлыг энэ сарын 22-нд Удирдах зөвлөлөөр хэлэлцээд телевизийн салбараас 70, радиогийн салбараас 30, сонин, сэтгүүлээс 50, сайтуудаас 50, сургалт судалгааны салбараас 20, орон нутгийн хэвлэл мэдээллийн 55, ахмад сэтгүүлчдээс 30 нийт 305 төлөөлөгчтэйгээр хуралдахаар тогтсоноо МСНЭ-ийн ажлын албанаас мэдээлээд байгаа билээ.
Тиймээс дүрмийнхээ дагуу 4 жилдээ нэг удаа болдог их хуралдаа оролцож, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг зорьсон хэвлэл мэдээллийн салбарынхан МСНЭ –ийн байраар эргэлдэж байгаа ч өөр хоорондоо зөрүүтэй янз бүрийн хариулт сонсож, зарим хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд хуралдаа суух эрх олдохгүй өнгөрч мэдэхээр байна хэмээцгээж буй.
Одоогоор МСНЭ-ээс их хуралд суух нэг ч мандат олгоогүй байгаа ч зарим байгууллагаас мандатын мөнгийг нь урьдчилан авч, заримыг нь татвараа төлөхөөр очиход хурлаар шийдэж байж болно гэсэн ялгаатай хариултууд өгч байгаа нь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бухимдуулаад байна.
Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгох асуудлыг Удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд МСНЭ-ийн мэргэжлийн төвүүд дээр суурилан тус тусын салбараасаа оролцох гишүүдээ сонгох шийдвэр гаргачихсан атлаа яагаад ажлын алба нь өөр өөр хариу өгөөд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ талаар МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Цахим мэдээллийн мэргэжлийн төвийн дарга Ж.Жаргалсайхантай ярилцлаа.
-Юуны өмнө өөрийн ажилладаг төвийн талаар танилцуулаач?
-Өнгөрсөн 2015 оны МСНЭ-ийн их хурлаар 6 төв байгуулагдаж, Их хурлын салбар хуралдаануудаас Телевизийн мэргэжлийн төвийн даргаар Ц.Оюундарь, Радиогийн төвийн даргаар Б.Баярсайхан, Сургалт судалгааны мэргэжлийн төвийн даргаар Ж.Батбаатар, Сонин сэтгүүлийн төвийн даргаар Д.Заяабат, Орон нутгийн сэтгүүлчдийн мэргэжлийн төвийн даргаар Ж.Энхбаатар, Сайтын төвийн даргаар Ж.Жаргалсайхан миний бие сонгогдсон юм. Төв тус бүр Их хурлаас сонгогдсон 9 гишүүнтэй. Төвүүд МСНЭ-ийн бага хурлаар ажлаа тайлагнасан. Төвийн гишүүд дотооддоо хуралдаж, асуудлуудаа хэлэлцдэг. МСНЭ-ийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, байр сууриа Удирдах зөвлөлийн гишүүнээрээ дамжуулан илэрхийлдэг. Бид өнгөрсөн 3 жилд тийм сайн ажиллаагүй. Миний хувьд гэхэд л эхний 2 жилд маш идэвхтэй ажиллаж, МСНЭ-ийн зохион байгуулж байгаа олон арга хэмжээнд ус, ундааг нь бартерлаж олохоос эхлээд л мөнгө санхүүгийн ажлуудад сэтгэлээрээ "гүйж”, Удирдах зөвлөлийн гишүүний татвараа тухай бүрт нь шийдвэрлэж, төвөө хуралдуулж, УЗ-ийн аливаа шийдвэр гарахад байр сууриа зарчимчаар илэрхийлж ирсэн. Өнгөрсөн хавраас хойш улирал тутам болдог Удирдах зөвлөлийн хурлуудад хувийн шалтгаанаар оролцож чадаагүй, хурлын шийдвэрүүдийн талаар төвийн гишүүд болон сайтуудад мэдээлэл хүргэх ажил орхигдсон, өөрөөр хэлбэл сүүлийн нэг жил ажиллаагүй дутагдал бий. Төвийн гишүүд маань АНУ-ын ЭСЯ-аас зохион байгуулсан "Цахим сэтгүүлзүйн ёс зүйн асуудал” сэдэвт сургалтанд хамрагдаж, ӨМӨЗО-ны Засгийн газрын ХМА-тай Цахим мэдээллийн мэргэжлийн төв хамтран ажиллах санамж бичиг үйлдэж, энэ санамж бичгийн хүрээнд хоёр орны шинэ мэдээллийн хэрэгсэлд ажиллагсдын анхдугаар семинарыг Хөх хотод амжилттай зохион байгуулсан зэрэг ажлууд бас бий. МСНЭ-ийн үйл ажиллагааны мэдээ мэдээллийг вэбсайтуудаар нийтлэх, түгээх ажилд төвийн гишүүд санаачилгатай ажиллаж ирсэн.
Олон ажлыг салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг төвийн гишүүд хурлаараа байнга хөндөж байсан ч МСНЭ болон төвүүд хоорондын уялдаа холбоо муугаас, өөрөөр хэлбэл би сайн холбож ажиллаж чадаагүйгээс төв дээр суурилсан бүтэц тийм ч сайн үр дүнтэй байгаагүй ээ.
-МСНЭ-ийн ээлжит Их хурал удахгүй болох гэж байна. Энэ их хуралд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид бүгд л оролцож өөрийн дуу хоолойгоо хүргэж, ирэх 4 жил МСНЭ-ийг удирдах хүмүүсийг сонгоход саналаа өгөх хүсэлтэй байгаа бололтой. Гэвч хүссэн байгууллага, хувь хүн их хурлын мандаттай болж чадахгүй байна. Энэ асуудлыг хэрхэн харж байна?
-МСНЭ-ийн их хурал дүрмийнхээ дагуу 4 жилд нэг удаа болно. Өмнөх их хурал 2015 оны 1 дүгээр сард болсон. Дүрмээрээ 2019 оны 1 сард болох болов уу гэж харж байлаа. Гэвч Удирдах зөвлөл хуралдаад олонхийн саналаар энэ оны 2 сарын 8-нд болох тов гарсан. Бид 3 жил 1 сарын настай ажиллалаа гэсэн үг. Хүссэн байгууллага, сэтгүүлчид их хурлын мандаттай болж чадахгүй нь гэх асуудлыг хоёр талтайгаар харж болно. Юуны өмнө МСНЭ-ийн удирдлагын зүгээс харах юм бол сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд гишүүний үүргээ их хурлаас их хурлын хооронд мартаж орхидог. Их хурал болох дөхөхөөр л үүргээ мартаж явсан хэнэггүй хэд маань эрхээ гэнэт санаад хөдөлгөөнд ордог. Тухайлбал, татвараа төлдөггүй, МСНЭ-ээс зохион байгуулж байгаа арга хэмжээнд төдийлөн идэвх гаргадаггүй хэрнээ гэнэт хуралд оролцох хүсэлтэй гээд ирэх нь удирдлагын хувьд таатай санагдахгүй.
Харин нөгөө талаас сэтгүүлчдийн зүгээс харахаар МСНЭ бол бидний эрх ашгийг хамгаалдаг газар гэж бид ойлгодог. МСНЭ ихэнх сэтгүүлчдийн хувьд шинэ жил, Хэвлэлийн эрх чөлөөний өдөр зэрэг үеэр шагнал авах, сэтгүүлч мэргэжлээ үнэлүүлэх үед л санаанд нь ордог, бусад үед байгаа, үгүй нь мэдэгддэггүй газар гэлцдэг. Тэгж явсаар МСНЭ-ийн их хурал болох үеэр идэвхжлээ гэж сэтгүүлчид маань "адлагдаад" болдоггүй. Уг нь идэвхжих нь жам ёсны юм шүү дээ. Сэтгүүлчид эрх ашгаа хамгаална гэж итгэж найддаг мэргэжлийн байгууллагаа ирэх 4 жилд илүү ихийг хийгээсэй, аль болох сайн болгохын төлөө дуу хоолойгоо хүргэчих юмсан, улс төрөөс ангид байгууллага байгаасай, чадварлаг сайн төлөөллийг удирдлагаараа сонгочих юмсан гэж хүсэж байгаа. Үүнээс сайн юм гэж юу байхав. Тэр утгаар редакц бүр өөрийн төлөөллөө оруулах хүсэлтэй, сэтгүүлч мэргэжлээр олон жил ажилласан, мэргэжилдээ дуртай, хайртай хүн бүрийн л хүсэл. Гэсэн ч энэ салбарт ажиллаж байгаа 5-6 мянган хүний 305 нь л энэхүү хүслээ биелүүлнэ. Тийм болохоор сэтгүүлчид МСНЭ-ийн их хуралд өөрсдийн эрх ашгийг хамгаалсан тийм л шийдвэрийг гаргаж чадах төлөөллөө байгууллага, хамт олон дотроосоо сонгож оролцуулахаас аргагүй.
-Ер нь МСНЭ-ийн гол үүрэг юу байдаг юм. Хэвлэл мэдээлийн байгууллагууд, сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалахын тулд юу хийж ирсэн байгууллага юм бэ?
-МСНЭ-ийн хамгийн товч тодорхой үүрэг нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх, дэмжиж ажиллах юм. Дүрмэндээ ч энэ тухай "МСНЭ нь гишүүдийнхээ мэргэжлийн эрх ашгийг хамгаалах төдийгүй тэдний мэргэжил, мэдлэгийг чадавхжуулан хөгжүүлэхийг үйл ажиллагааныхаа гол зорилгыг болгоно” гээд тодорхой заасан байдаг. Ийм байгууллага болохоор нь би өөрийн итгэл үнэмшлээрээ Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүнээс сайн дураараа татгалзаж өнгөрсөн хугацаанд зөвхөн МСНЭ-ийн Удирдах зөвлөлд ажиллаж үзлээ. Юу хийж ирсэн тухайд гэвэл би ярьж хүчрэхгүй л дээ. 67 жилийн түүхтэй энэ байгууллагын туулж өнгөрүүлсэн түүх нь сэтгүүлчдийн хувьд хүндэтгэл, бахархал гэж боддог. 1951 оны нэгдүгээр сарын 16-нд Гэгээрлийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд "Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага МСНЭ үүссэн гэж үздэг юм билээ. Харин сүүлийн их хурлаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлууд чамгүй бий бөгөөд энэ нь Ерөнхийлөгч Б.Галааридын тайланд нэг нэггүй дурдагдах болов уу?
-Их хуралд мэдээллийн сайтууд 50 квотын дагуу оролцоно гэж байгаа. Сайтуудын төлөөлөл хэн байх бол?
-Монголын сайтууд МСНЭ–ийг хамгийн идэвхтэй дэмжиж ажиллаж эхэлсэн цаг хугацаа бол 2013 он. Шинэ мэдээллийн хэрэгсэл гэдэг утгаараа вебсайтуудын хувьд үүрэг, рольтой оролцох болсон нь өнгөрсөн 2015 оны их хурлаас гэж болно. 6 төв байгуулагдахад "Сайтын төв” байгуулагдсан. Энэ удаагийн МСНЭ-ийн их хурлын төлөөлөгчийг сонгох тухай Удирдах зөвлөлийн 1 дүгээр сарын 22-ны хурлаас сайтуудаас 50 төлөөлөгч оролцуулах шийдвэр гарсан. Манай цахим мэдээллийн мэргэжлийн төвийн энэ оны анхны хурлаас энэ 50 төлөөлөгчийг МСНЭ-ийн дүрэмд заасны дагуу салбарынхаа хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн олонхийн шийдвэр гарсан бөгөөд энэхүү шийдвэрийг бид МСНЭ-ийн Удирдах зөвлөлд өнөөдөр хүргүүлж байгаа. Бусад төвүүд ч ийм байр суурьтай байгаа юм билээ.
-Энэ удаагийн их хурлаар МСНЭ-ийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч зэрэг удирдах албан тушаалтнуудыг сонгоно. Та энэ удаагийн их хуралд ямар нэгэн албан тушаалд нэр дэвших үү?
-Намайг "Сайтын холбооны ерөнхийлөгч” байсан гэдэг утгаар ямар нэгэн албан тушаалд санаархаж байна гэж магадгүй. Тийм асуудал огт байхгүй. Би зөвхөн МСНЭ-ийн гишүүн, өмнөх их хурлаар сонгогдсон УЗ-ийн гишүүн, Бага хурлын гишүүний хувиар л оролцоно. Энэ удаа ямар ч албан тушаалд нэрээ дэвшүүлэхгүй. Хэвлэл мэдээллийн салбарт 20 дох жилдээ ажиллаж байгаа миний хувьд салбарынхаа сэтгүүлчдийн эрх ашиг хаана хохирч байна, тэнд л сэтгэлийнхээ дуудлагаар хамгаалалцан явж ирсэн. Амжилт.ком сайт хаагдахад, сэтгүүлч Баттулгыг хоригдоход... гээд л нөхдийнхөө хамтаар тэмцэж явсан минь цөөнгүй.
Вебсайтуудын болон тэнд ажилладаг сэтгүүлчдийн эрх ашиг их хурал дээр дүрэм болон бусад шийдвэрүүдээр хамгаалагдаасай. Дараагийн 4 жил энэ салбараас сонгогдон ажиллах Сайтын мэргэжлийн төв хүчирхэг, чадварлаг, мундаг шигшигдсэн багаас бүрдээсэй. Технологио дагаад өдөр бүр хувьсан хөгжиж буй салбартаа илүү ихийг хийгээсэй гэж хүсэж байна. Тиймээс МСНЭ-ийн удирдлага, удирдах зөвлөлд надаас, одоо байгаагаас илүү хүмүүс орж ирээсэй, салхи ороосой л гэж бодож байна. Шинэ залуу, чадварлаг хүмүүс гарч ирээсэй. Ямар нэгэн байдлаар битгий улс төржөөсэй. Улс төрийн нам, хүчний ашиг сонирхол харсан байдал битгий цухалзаасай гээд энэ их хурлаас хүсэх зүйл жирийн сэтгүүлчийн хувьд их байна. МСНЭ бол ашиг сонирхлын төлөөх байгууллага биш. Ядаж л барилга байгууламж барьчихаад түрээслүүлээд мөнгө олчихдог газар биш. Ирэх 4 жил МСНЭ-ийн удирдлагаар сонгогдох хүн маань гэр бүл, ажил төрөл бүхнээ орхиод Монголын 5-6 мянган сэтгүүлчдийн төлөө зүтгэх үүргийг хүлээж, эр зоригтой, тэсвэр тэвчээр дүүрэн байж энэ албан тушаалыг хашна гэдгээ сайн ухамсарлаж нэрээ дэвшүүлэх байх.
-Ярилцсанд баярлалаа.
Энэ асуудлаар МСНЭ-ийн менежер Б.Мөнхбаяраас тодруулахад "Хэвлэл мэдээллийн байгууллагуудад олгох квотын тооны дагуух хуваарилалтыг ирэх долоо хоногт хийнэ. Журамд заасан шалгуураа харж байж оролцогчдоо сонгоно. Өмнөх их хурлаар сонгогдсон зургаан төвийн дарга нар нь МСНЭ-ийн Удирдах зөвлөлд байгаа шүү дээ. Тэгэхээр МСНЭ-ийн Удирдах зөвлөл дахин хуралдана гэсэн үг. Тэр үед хэлэлцээд шалгуур хангасан нь квотын дагуу мандат авна” гэсэн хариултыг өгч байна.
Тун удахгүй болох МСНЭ-ийн Их хурлаар хэвлэл мэдээллийн байгууллагууд, түүнд ажиллах сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах эрх бүхий төлөөллүүд сонгогдоно. Нийгэмдээ болохгүй бүтэхгүй бүхнийг засаж залруулах гэж хичээж "хоточ нохой” мэт ажилладаг хүмүүс бол сэтгүүлчид. Тэр утгаараа өөрсдийн эрхийг хамгаалах байгууллагаа ч гэсэн эрх мэдэлтнүүдийн гарт орчих вий гэж сэргийлж, хардах эрх энэ салбарынханд бий.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Их хуралд орох гишүүдийн татварын мөнгийг урьдчилаад өгчихсөн гэх зэрэг мэдээлэл тархсан. Энэ нь өөрөө улс төрийн хайрцагт автах вий гэсэн хардлагыг төрүүлж байна. Салбартаа өчнөөн жил ажилласан сэтгүүлчид татвараа төлөөд оръё, мөнгөө тушаая гэхэд нь байж бай, эхлээд шийдэж байж болно гээд явуулж байгаагаас харахад магадгүй мандатаа алдаж байгаа ч юм бил үү?
Сэтгүүлчид Их хурлын төлөөлөгчийн мандатаа луйвардуулбал МСНЭ-ийн толгойд эрх ашиг ханхлуулсан хүмүүс гарч мэднэ. Харин бид сэтгүүлчдийн эвлэлдэн нэгдсэн байгууллага нь ямар нэгэн улс төрийн эрх ашигт автахааргүй үйл ажиллагаа явуулдаг гэдгийг харуулах ёстой. Хэн нэгэн нөхөр, улс төрчийн өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн ашиглахын тулд "хайрцаглаж” болдог газар биш. Бид өөр сэтгэхүйтэй, өөр өнцгөөр асуудалд ханддаг хүмүүс.
Бид сэхээтэн хүмүүс, ард иргэдээ оюунаар цэнэглэдэг хүмүүс тул тэгш эрхтэйгээр квотоо авч байж, зөв хүнийг гаргахад анхаарах цаг болжээ. МСНЭ-ийн дүрмийн 4.4-т "Их хурлын төлөөлөгч нь хот, орон нутгийн салбараас сонгогдоно. Төлөөлөгч сонгох журмыг Удирдах зөвлөл тогтооно” гэжээ. Тийм учраас 1 дүгээр сарын 22-ны Удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон 6 мэргэжлийн төв, ахмад сэтгүүлчид гэсэн хуваарийн дагуу радио, телевиз, вэбсайт, сонин сэтгүүл, сургалт судалгаа, орон нутгаас гэсэн хуваарийн дагуу тус тусын төвөөс сонгогдох нь зүйтэй бөгөөд илүү шударга, дүрмийн дагуу харагдаж байна.
МСНЭ-ийн дүрмийн 1.6-д "МСНЭ нь хэвлэл мэдээллийн эрх, эрх чөлөөг эрхэмлэн олон эшт үзэл, ардчилсан нэгдлийн зарчмыг үндэс болгож аливаа нам, эвсэл, хөдөлгөөн, бүлгийн сонирхлоос хараат бусаар үйл ажиллагаа явуулна. МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нар нам бус иргэд байна” гэсэн заалтыг ч их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцох сэтгүүлчид минь сайн санаарай.
П.Нарандэлгэр