Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 08.00 цагт эхэлж, 12 асуудал хэлэлцэхээр товлосон байна.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн боловсруулсан Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын гурав дахь илтгэлийн тухай, Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр батлах талаар хэлэлцэнэ. Мөн Монгол, Вьетнамын Засгийн газрын комиссын хуралдааны үр дүнгийн тухай, "Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлах тухай, Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр шинээр барьж ашиглалтад оруулах талаар хэлэлцэх юм.
Түүнчлэн "Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах нөхцөл шаардлагын талаар, "Эрдэнэс бонд” гаргах талаар, Гадаад харилцааны сайд олон улсын арга хэмжээнд оролцох талаар, Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар, "Эрдэнэс-силвер ресурс” ХХК-ийн үйл ажиллагааг хэлэлцэхээр төлөвлөжээ.