Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, "Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч энэ оны нэгдүгээр сард хийсэн тооллогоор 5074 орчим монгол бөхөн бүртгэгдсэн байна. 2018 оны тооллогоор 3800 байсан бөхөн нэг жилийн дотор ийнхүү 1000 гаруй тоо толгойгоор өсжээ.
Дээрх тооллогыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шугаман замналын аргаар бөхөнгийн тархац нутаг болох Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан сум, Завханы Дөрвөлжин сумын нутагт хийсэн байна.
Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний амьтан аж. Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан амьтны нэг юм. Дэлхий дээр монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Үүнээс монгол бөхөн нь зөвхөн манайд байдаг, өөр хаана ч байхгүй нэн ховор амьтан. Монгол бөхөн цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг хангадаг чухал амьтан. Монгол бөхөн оршсоор байна гэдэг нь говь, цөлийн экологийн тэнцвэрт байдал алдагдаагүйн нотолгоо болдог.
Монгол бөхөн Их нууруудын хотгорын Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд голчлон нутаглаж байна. Бөхөн ямар ч амьтдаас хамгийн хурдан давхин зайлдаг. Тухайлбал, 80 км цаг хүртэл хурдалж чаддаг аж.