Засгийн газрын хуралдаанаар Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгох шийдвэр гаргажээ. Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж буй 45 хүртэл насны суралцагчид ч гээд бүх суралцагч энэхүү тэтгэлэгт хамрагдах юм байна. Гэхдээ сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагадаа 75-аас дээш хувийн ирцтэй байх ёстой ажээ.
Өмнө нь Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдад сар бүр 70 мянган төгрөг олгодог байсныг 2019 онд 100 мянга болгон нэмж байлаа. Харин энэ удаад ийнхүү 200 мянга болгож байна. Үүнд шаардлагатай санхүүжилтийг 2020 оны төсөвт тусган баталсан юм.