"Элэг бүтэн Монгол " үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцсан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх гэрээт лабораториудад холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийсэн. Улсын байцаагчийн актаар "Хаппи веритас” 876 сая , "Ай Ти” 526 сая, "Итгэл”лабораторид 272 сая нийт 1.6 тэрбум төгрөгийн төлбөр тогтоож эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгохоор шийдвэрлэсэн юм.
Дээрх гурван лаборатори нь эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байна. "Хаппи веритас” лабораторийн нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс товлосон шүүх хурал тус лабораторийн хүсэлтээр удаа дараа хойшлогдоод байгаа.
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн хийсэн явцын хяналтаар "Эн Ар Би” ХХК-ийн "Ай Ти” лаборатори нь мэргэжлийн хүний нөөцгүй, эмчийн хяналтгүй шинжилгээ хийж байсан зэрэг гэрээний зөрчлийг илрүүлж 91 сая төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгохгүй байхаар шийдвэрлэжээ.