Орон нутгаас нийслэл рүү нэвтрэх авто замын найман постод өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд 24 цагаар хяналт, тандалт хийхээр болжээ.
Ингэхдээ нийслэл рүү нэвтэрч буй иргэдэд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч, биеийн халууныг нь хэмжиж, халуунтай байвал өвчний асуумж авна хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа: "Хоёрдугаар сарын 3-ны байдлаар нийслэлийн хэмжээнд амбульторийн 97343 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 11 мянган хүүхэд оношлогдсон.
Өнөөдөр 10:00 цагийн байдлаар нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 806 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 87.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Одоогийн байдлаар орны ачаалал нэмэгдээгүй. Томуу томуу төст өвчний өвчлөл өнгөрсөн долоо хоногоос 2.9 хувиар буурсан. Өнөөдрөөс эхлээд ард иргэдээ эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийг тойрсон найман авто замын товчоонд эрүүл мэндийн байгууллагынхан 24 цагаар тандалт, хяналт хийнэ.” гэлээ.
Энэхүү арга хэмжээг шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газарт хамтран хэрэгжүүлэх юм байна.