Дүүргийн Засаг дарга нар өнөөдрөөс эхлэн ирэх тавдугаар сар хүртэл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшийг хороодын борлуулалтын цэгээс айл өрхүүдэд нийлүүлэх, түгээх үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах юм байна. Мөн угаарын хий мэдрэгчийг зөв ашиглаж байгаа эсэх асуудалд хяналт тавих бөгөөд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэх юм байна.
Засаг дарга нар коронавирусын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжид хяналт тавихын зэрэгцээ 2020 оныг "Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан хороодынхоо нутаг дэвсгэрт тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх ажээ.
Түүгээрч зогсохгүй иргэн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 хүртэл метр талбайг цэвэрлэж, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, эд хөрөнгийн арчлалт хамгаалалт, ногоон байгууламжийн тохижилтын ажлуудад хэр зэрэг явагдаж байгаад хяналт тавьж ажиллах юм байна.
Мөн "Нэг хот-нэг стандарт” болзолт уралдааныг зохион байгуулж хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын оролцоог нэмэгдүүлж, дүрэм журам, хэм хэмжээг мөрдүүлэх, стандарт хяналтын тогтолцоог сайжруулж ажиллах аж.
Дүүргийн засаг дарга нарын хэр зэрэг ажиллаж байгаа талаар иргэдээс мэдээлэл авахын зэрэгцээ 14 хоног тутамд ажлыг нь дүгнэх юм байна.