Улсын онцгой комиссын хуралдаан яг одоо төрийн ордонд болж байна. Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэж буй энэ хурлын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин комиссын зарим гишүүнийг хариуцлагатай байхыг шаардлаа.
Учир нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хариулт авах гэхээр зарим салбарын сайд эзгүй гэдэг шалтаг хэлж байв. Тухайлбал энэ удаагийн хуралд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Тагнуулын ерөнхий газрын дарга Гэрэл, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга, Цагдаагийн газрын удирдлага гээд олон хүн ирсэнгүй. Нэн шаардлагатай арга хэмжээ авах зайлшгүй нөхцөл байдал үүсчихээд байхад онцгой комиссын гишүүд ийн эзгүй байгаа нь аливаа шийдвэр, ажлыг гацаах магадлалтай. Тиймээс Шадар сайд Ө.Энхтүвшин анхааруулж байна билээ. Гэхдээ үүнийгээ бүр СҮҮЛИЙН УДАА хэмээн тодотгож байхыг бодоход хариуцлага тооцх юм болов уу, ашгүй.
Уг нь ямар ч шалтаг, шалтгаанаар таслаж, хойшлуулж боломгүй хурал гэдэг нь Улсын онцгой комисс гэх нэрнээсээ л ойлгомжтой. Тэгээд ч хүн амын эрүүл мэнд, улс орны эдийн засгийн нөхцөл байдал хамтдаа зэрэг хөндөгдөж, зөвхөн монголчууд бус дэлхий нийт яаралтай арга хэмжээ авч байгаа энэ цаг үед хэнэггүй хэдэн сайд нь хаагуур "зугаацаж” явдаг юм бол доо.