-Хотын даргын яаж дүгнээд, нийслэлчүүд хаана амьдраад байна вэ-
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг өнгөрөгч долоо хоногт ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн. Дээрх хугацаанд Засаг даргын мөрийн хөтөлбөр 92.5 хувьтай буюу маш хангалттай биелсэн гэдэг байдлаар дүгнэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнд хамгийн их өсөөлттэй гарсан ажлын дүгнэлтүүдээс тоймлон харъя.
Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлт өрх бүрт 92.2 хувь болжээ. Энэ өндөр тоон үзүүлэлт олны эгдүүцлийг төрүүлж, заримынх нь гайхшлыг барж байна. Учир нь нийслэлд өрхийн орлого нэмэгдэж, ажилгүй иргэд үгүй болж, амьжиргааны түвшин сайжирсан гэсэн үг шүү дээ.
Мөн хот байгуулалт, дэд бүтэц 85 хувийн биелэлттэй хэмээжээ. Үнэхээр энэ зэргийн өндөр хувьтай биелэсэн гэж үзвэл өнөөдөр гэр хорооллын 220 мянган өрх орон сууцанд орсон болж таарах гээд байдаг. Нөгөө талдаа юун таван толгойн сайжруулсан түлш, угаарын хийд хордох гэдэг асуудал огт байх ёсгүй.
Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын хувьд Засаг дарга С.Амарсайхан 94.2 хувийн үзүүлэлттэйгээр мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн байна гэнэ. Бидний амьдарч буй нийслэл эрүүл, эко болсон л гэсэн үг л дээ. Үндсэн хуулийн иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдэг "бичиглэл”-д ойртож л байна даа гэж бодож, сэтгэлээ хуурах хэрэгтэй болох нь.
Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хэрэгжилт бас л дээгүүрт "жаалжээ”. Тэгэхээр нийслэлд сугалаагаар цэцэрлэгт ордог, ЕБС-ийн сурагчид гурван ээлжээр хичээллэдэг, эмнэлгүдийн орны хүрэлцээ муугаас шалаар зулдаг үе ард хоцорсон болж байгаа юм.
Харин засаглалын бодлого 97.1 хувийн биелэлттэй байгаа нь иргэндээ ээлтэй шийдвэр гаргадаг гэсэн товчхон үгсээр тодорхойлоод өнгөрчихмөөр.
Ингээд харахаар энэ Засаг дарга С.Амарсайхан чинь мөрийн хөтөлбөрөө Улаанбаатарт хийж, хэрэгжүүлээд байна уу, аль эсвэл өөр хаа нэгтээ хийсэн, бүтээсэн зүйлсээ ил гаргаад байна уу гэж эргэлзэж, хардах сэтгэл төрөөд байх юм. Аливаа ажлын биелэлтийг дүгнэхдээ нэг бүрчлэн бус хаа "дуртайгаасаа” түүвэрлэн авсан байх л даа. Гэсэн хэдий ч олны нүднээ ил, чихнээ тод нийслэл хөгжөөд, иргэд нь хөрөнгөжөөд байгаа мэт дүгнэлтийг хэнд зориулж гаргаад байдаг юм бол.
Erennews.mn