Телевизийн хөтлөгчөөс Ерөнхий сайд хүртэл ёстой л "Ногоон гэрэл”-ээр явсан гэж хэлж болох Ч.Сайханбилэг гадаад улсаас иргэншил хүссэн гэх мэдээлэл цацагдав.
Олны таамаглаж байгаагаар Америкаас иргэншил хүссэн байх гэж байгаа. Энэ нь экс Ерөнхий сайд тэрбээр өмнө нь АНУ-ын "Amsterdam & Partners” хуулийн фирмийн өмгөөлөгч Роберт Амстердамаас өмгөөллийн үйлчилгээ авахаар болсон гэдэгтэй холбон үзэж байгаа хэрэг.
Нийгэмд түүнийг өнөөдөр янз янзаар ярьж байгаа. "Гэмт хэрэгтэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, Монгол өмгөөлөгчид ахадсан учраас гадаадын өмгөөлөгчөөр өмгөөлүүлэхийг хүсч. Төрийн өнөр албан тушаал хашиж байсан хүн гадаадад оргон зайлаад байгаа нь эх орноо гэх сэтгэлгүйн илрэл. Тэр хэлмэгдсэн. Ямар ч шалгуургүйгээр Ерөнхий сайд болтлоо явахдаа өрийнхөө мөнчигрөөр яваагүй нь мэдээж. Улстөрийн тоглоомд учраа мэдэхгүйгээр оролцсон учраас одоо зугтаж байгаа юм” гэх зэргээр хэлж байна.
Олны үг ортой. Гэхдээ хийсэн хэрэг байхгүй гэж өөрөө чин сэтгэлээсээ бодож байгаа бол "Эх нутгийнхаа хөрсөн дээр гишгэмээр байна” гээд хүрээд ирэх зүрх зориг түүнд үгүй гэж үү.
Түүнийг Дубай, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар тооцон шалгаж, гаргасан шийдвэрүүд нь хууль зөрчсөнийг тогтоосон гэж байгаа.
Тэгвэл түүнд өмгөөлөх үйлчилгээ үзүүлэхээ илэрхийлсэн Р.Амстердам "Миний үйлчлүүлэгчид холбогдуулсан хэрэг бол Засгийн газрын албан тушаалтнууд улс төрийн зорилгоор шүүгчдийг ашигласан жишээ. Тэр буруугүй, бүрэн эрхийнхээ дагуу уул уурхайн гэрээг ил тод хийсэн” гэж мэдээлээд байгаа. Р.Амстердамын эл мэдээг дэлхий чих дэлдийн сонссон нь мэдээж.
Харин Монголд Р.Амстердамын өмгөөлөл хийх эрхгүйг хуулийн зүйл заалтаар тайлбарлаж байгаа. Энэ тайлбарыг урьдчилан харсан учраас гадаад улсаас орогнол хүссэн байхыг ч үгүйсгэхгүй юм.
Нөхцөл байдал ямар байлаа ч Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан эрхэм ингэтлээ юунд зугтана вэ. Түүнд эх оронч үзлийн хэлтэрхий ч алга гэж үү.
Erennews.mn