Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс "Ард түмний нэгдсэн эвсэл” байгуулж, 2020 оны УИХ-ын сонгуульд төрд гадуурхагдаж, орхигдсон ард түмний эрх ашгийг хамгаалж, улс орны тусгаар тогтнолыг бэхжүүлэх, шударга ёсыг тогттохын төлөө салбар салбарын шилдэг боловсон хүчинтэй нэгдэж байгаа талаар мэдээлэл хийв.
Тус хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Г.Нямдаржаа: "Удахгүй болох УИХ-ын сонгууль хэдэн намын нэр дэвшигчийн асуудал биш, бидний цаашдын эрүүл нийгэм, хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх, хөгжлийн шинэ гарцын асуудал юм.
Ард түмнээ талцуулж, улс төрийн эрх мэдэлд хүрэхийн төлөө иргэдийн саналыг худалдан авдаг МАНАН тогтолцоог халах цаг болсон. Тиймээс ч бид эрдэмтэн докторууд, багш, хуульч, философич зэрэг олон жилийн туршлагатай хүмүүсийг эвсэлдээ нэгдэхийг уриалж байгаа. Ингэснээр нэг зүгт, нэг бодлого зорилгоор тэмцэж, зөв тогтолцоог бий болгох эрх чөлөөг хэрэгжүүлж чадна.” гэлээ.
"Ард түмний нэгдсэн эвсэл”-ийн гишүүн философич Г.Цэрэн: "Дүр эсгэсэн ардчилал ард иргэдийг ядууруулж, эрх мэдэлтнүүд төрийг хувийн ашиг сонирхолынхоо хэрэгсэл болгож байгаа нь харамсалтай. Тиймээс бид төрд бугшсан МАНАН-г арилгаж, улс орны хэтийн зорилго, чиглэл, хөгжлийн алхамаа хийх цаг болсон.” гэсэн юм.
Энэхүү хөдөлгөөний зохион байгуулагчид монголын ард түмэн нийгмийн зөв тогтолцоог бий болгоход гар бие оролцох хэрэгтэй. Ард түмний нэгдсэн эвсэлд нэгдэж орох эрх хүн бүрт нээлттэй гэдгийг мөн хэлж байлаа.