Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэн хонох боловч цаашдаа цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ.
Энэ сарын 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 16-нд говь, талын нутгаар, 19-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр. Хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.