УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг "...нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял ногдуулсан. М.Сономпилд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Сономпилийг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.