Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дэлхий дахинаа титэмт вирусын халдвар, цар тахал болоод буй (COVID-19)-ийн халдвараас нийт ард иргэдийг урьдчилан сэргийлэх үүднээс "ЦАХИМААР ЗОЛГОХ” санаачилгыг гарган Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай хамтран нийт ард түмэндээ хандан уриалга гаргалаа.
Учир нь сүүлийн үед БНХАУ-ын Ухань хотод дэгдсэн шинэ коронавирус (COVID-19)-ийн халдвар дэлхийн олон оронд бүртгэгдэж, ДЭМБ-аас "Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэнийг зарласан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас тодорхой арга хэмжээг шат дараатай авч цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль мөн их дээд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон. Мөн монголчуудын уламжлалт баяр болох сар шинийг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх чиглэл өгсөн юм.
Түүнчэн Монгол Улсын Ерөнхийлөгч сар шинийн баярын өмнө дэлхий даяар эрчимтэй тархаж буй титэмт вирусын халдвар, цар тахалын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны "Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан зарлиг гаргасан билээ.
Тиймээс иргэд та бүхнийг "Цахимаар золгох” санаачлагад нэгдэхийг гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас уриалж байна.