БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар Монгол Улсад тархаж болзошгүй тул тус улс руу зорчихгүй байхыг Туркийн Гадаад хэргийн яам /ГХЯ/ зөвлөжээ.
ГХЯ-ны мэдэгдэлд дурдсанаар, Хятад, Монгол нягт харилцаатай бөгөөд зорчих хөдөлгөөн их байдаг тул Монголд коронавирусний халдвар тархах эрсдэл өндөр хэмээн үзсэний улмаас уг шийдвэрийг гаргасан ажээ.
Монголын Засгийн газар халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим зоогийн газар, кинотеатр, театр, энтертайнмент төвийн үйл ажиллагааг хориглосон талаар ГХЯ-ны мэдэгдэлд мөн тэмдэглэсэн байна.
Хятадын Ухань хотод өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр дэгдсэн коронавирусний халдвар дэлхийн хэмжээний томоохон асуудал болсон юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний халдвартай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал хэдийн зарласан бөгөөд Женев хотод мягмар, лхагва гарагт олон улсын эрдэмтдийн уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.