БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод коронавирусний халдвараар хүн нас барсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ.
Нас барсан хүн нь 70 настай эрэгтэй бөгөөд Хонконгод коронавирусний халдвар авсан 55 дахь тохиолдлоор бүртгэгдэж байсан байна. Тэрээр халдвар авсны улмаас биеийн байдал нь муудаж, өнөө өглөө Хонконгийн Princess Margaret эмнэлэгт нас барсан талаар Хонконгийн телевиз мэдээллээ.
"Тухайн өвчтөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үдээс хойш хэвлэлийн бага хурал хийж нийтэд мэдээлнэ” хэмээн Хонконгийн Эмнэлгийн удирдлагын газраас мэдэгдсэн байна.
Нас барсан хүн нь удаан хугацааны турш өвчтэй байсан хууч өвчтэй хүн бөгөөд 2-р сарын 12-ны өдөр гэртээ унаж, тус эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр 1-р сарын 22-ны өдөр Лок Ма Чау боомтоор Хятадын эх газар руу зорчиж тухайн өдөртөө буцаж Хонконгод ирсэн байна.
Хонконгод коронавирусний халдвараар нас барсан анхны тохиолдол нь 39 настай эрэгтэй хүн байсан бөгөөд өнгөрсөн сард халдвар авсан болох нь тогтоогдож, биеийн байдал нь муудсаны улмаас энэ сарын 4-ний өдөр мөн тус эмнэлэгт нас баржээ.