Монголчууд адууны махыг ханиад томуу, хатгаа өвчин тусахаас сэргийлэх эмчлэх зорилгоор хэрэглэдэг уламжлалтай. Адууны маханд цусан дахь гемоглобины хэмжээг нэмэгдүүлдэг миоглобин агууламж өндөр байдаг нь хүний бие организмын амьсгалах процессийг дэмждэг байна. Мөн үл орлогдох өөхний омега 6, омега 3 аминхүчлүүд, глобулины бүлгийн уураг, глютамины хүчил агууллагддаг учир аливаа өвчин үүсгэгч нянг устгах, бодисын солилцоог сайжруулан дархлааг дэмжих, чийрэгжүүлэх ач холбогдолтойг салбарын хүмүүс онцолж байна.
Түүнчлэн амьсгалын замын халдвар өвчний үед аарц түлхүү хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Аарцны найрлагад цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй үл орлогдох амин хүчлээр баялаг уураг, С, А, В1, В2, Е, РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодис агуулагддаг. Халуун аарц ууснаар хүний биеийн дулаан нэмэгдэж, дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Мөн халуун аарцанд шар тос нэмснээрээ А, Д, Е аминдэмийн агууламж нэмэгдэх ач холбогдолтой.
Иймд адууны мах, аарц түлхүү хэрэглэж өнөөгийн үүсээд байгаа халдварт өвчний болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг ХХААХҮЯ-аас уриаллаа.