Эрчим хүчний яам 2019 онд эрчим хүчний салбарын дунд хугацааны хөгжлийг бүрдүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг батлахдаа ухаалаг системд нэвтрэх суурийг тавихад анхааран ажиллажээ. Энэ тухайгаа өнөөдөр хэвлэлийнхэнд танилцууллаа. Эрчим хүчний салбарын хувьд аливаа ослын тухайн цаг үедээ л мэдээлдэг системтэй байсан. Харин цаашид ослоос өмнө урьдчилан сэргийлэх байдлаар мэдээллэдэг автомат систем рүү шилжихээр төлөвлөжээ.
Мөн ирэх дөрвөн жилд эрчим хүчний салбарт ухаалаг систем нэвтрүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд хүний нөөцөд анхаарч, ажиллах хүчийг цомхтгохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан станцуудыг автоматжуулснаар хүний оролцоог бууруулж, мянган ажилтнаас 200 нь л ажиллах боломжтой аж.
Сайд Ц.Даваасүрэн "Эрчим хүчний салбарт ажиллаж буй хүний нөөц, бүтэц орон тоо хэтэрхий данхайсан байна. Өнөөдөр усан цахилгаан станцад нэг л хүн ажиллаж байхад цахилгаан станцуудад 500, 1000 орчим хүн ажиллаж байна. Энэ нь ухаалаг системийг дагасан бүтэц орон тооны ялгааг л харуулж байгаа юм. Цаашид бид автоматжуулсан өндөр технологийг эрчим хүчний салбарт нэвтрүүлэх хэрэгтэй байна. Ухаалаг систем дээр ажиллах инженер техникийн ажилтнуудаа сургах чиглэлд энэ жил анхаарна. Өндөр боловсрол эзэмшсэн хүмүүсийг салбарт нь дайчилж, зөвхөн мэргэжлийн хүмүүсийг л цахилгаан станцуудад ажиллуулах шаардлагатай” гэлээ.
Эрчим хүчний яамнаас энэ жил хүний нөөцийн хөгжлийн жил болгон зарлаж, инженер техникийн ажилтнуудыг сургах чиглэлд анхаарах юм байна.