2019 онд дэлхийн эдийн засаг 3 орчим хувиар өссөн хэдий ч дэлхийн хэмжээнд шатах түлш ашигласнаас үүссэн нүүрстөрөгчийн давхар ислийн /CO2/ ялгарлын хэмжээ сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа өмнөх жилийнхээс /33 тэрбум тонн/ нэмэгдээгүй тухай Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ мэдээлжээ.
ОУЭХА-ийн мэдээллээс үзвэл, ЕХ-ны орнууд, АНУ зэрэг эдийн засаг нь хөгжсөн улсуудын нүүрсний хэрэглээ 15-25 хувиар буурч, эрчим хүчний салбараас хаягдаж буй нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал багассан байна. Өндөр хөгжилтэй орнуудад ийм хаягдлын нийт хэмжээ "1980-аад оны сүүлчээр ажиглагдаж байсан" түвшинд хүрч буурчээ.
ОУЭХА-ийн дарга Фатих Биролын хэлснээр, салхи, нарны эрчим хүчний хэрэглээ тогтвортой өсөж байгаа, нүүрснээс байгалийн хий рүү шилжиж буй болон цөмийн энергийг илүү өргөн ашиглах болсон зэрэг хүчин зүйлүүд CO2-ын ялгарал буурахад нөлөөлсөн байна.