Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Ерөнхий сайдын ажлын албаны дарга Н.Хүрэлбаатар нарын хамт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ажиллав.
Тус газрын 2019 оны үйл ажиллагааны тайлан, мэдээллийг сонсч, архивын материал болон 2020 оны ажлын төлөвлөгөөтэй танилцав. 1954 оноос хойшхи архивийн материалын хадгалалт, хамгаалалт алдагдаж, зориулалтын байр, тоног төхөөрөмжгүйгээс онц чухал бичиг баримтууд устах аюулд хүрч, зарим материалыг Архивийн Ерөнхий газарт шилжүүлэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын даалгавраар 21 аймгийн хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан байгуулах ажлыг 2018 оны 05 дугаар сард эхлүүлж үйл ажиллагааны бүтэц бий болгох, програм хангамж зохиох, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, суурь зургийн сан бэлтгэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Ингэснээр вэбэд суурилсан "Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим сестим”-ийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсний үр дүнд "газрын шинэтгэл” хийх суурь нөхцлийг бүрдүүлсэн байна.
Газрын харилцаанд мэдээлэл технологийн тусламжтайгаар асуудал хариуцсан албан тушаалтнаас үл хамаарах тогтолцоо бүхий цахим удирдлагын системийг улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлснээр:
· Газрын харилцааны чиглэлээрх төрийн байгууллагуудын уялдаа, үйл ажиллагаа сайжирч, иргэнд үйлчлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх
· Мэдээллийн ил тод бэлэн байдал хангагдаж, иргэд, олон нийт газрын бодлого төлөвлөлт үйл явц, түүний хэрэгжилтэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран оролцох, хяналт тавих нөхцөл бүрдэх
· Иргэдийн цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө зардлыг хэмнэх
· Газрын салбар дахь шат дамжлага, хүндрэл, хүнд суртал, авилгал, чирэгдэл буурах
· Газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд төрийн зүгээс өгөх баталгаа, хамгаалалт сайжрах, цаашид газрын зөрчил, маргаан гарахгүй байх боломжийг бүрдүүлэх юм.
Иймд цаашид газрын харилцааны шинэтгэлийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ болгон өргөжүүлэх чиглэлээр "Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем”-ийг цаг алдалгүй улсын хэмжээнд өдөр тутмын үйл ажиллаагандаа нэвтрүүлж, улам боловсронгуй болгон хөгжүүлэх чиглэлийг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болголоо.
Газрын харилцаа, геодези зурагзүйн газар нь 2019 онд 21 аймгийн төвийн сумдын инженерийн шугам сүлжээ бүрэн холбогдсон, олон нийтийн болон нийгмийн дэд бүтцийн 5824 барилга байгууламжийн мэдээллийг 76 үзүүлэлт бүхий маягтаар бүртгэх ажлыг орон нутгийн албадтайгаа хамтран зохион байгуулсан банйа. Мөн 4000 орчим барилга байгууламж, аймгийн төвүүдийн инженерийн дэд бүтцийн мэдээллийг цуглуулан бүртгэж нэгдсэн мэдээллийн санг үүсгэжээ. Одоо улсын хэмжээнд хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг байгуулах ажлыг эхлүүлжээ.
Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан үүссэнээр хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үндэс бий болох юм. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл цахимжиж хот байгуулалтын үйл ажиллагаанд иргэд хяналт тавих, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, эрэмбэлэх, хууль бус газрын харилцаа, наймаа устах зэрэг олон давуу талтай болох юм.
Нийтэлсэн: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба