БНХАУ-д энэ онд сувилахуй-хөнгөвчлөх, яаралтай тусламж болон эмгэг судлалын чиглэлээр эмч мэргэжилтэн сургах сургалтыг зохион байгуулах санал хүргүүлжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзах үеэр санал солилцов.
Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн сургалт, харилцан солилцоо, хөрөнгө оруулалт, анагаах ухаан, эрүүл мэндийн шинэ дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан мэдлэг туршлага солилцох зэрэг хамтын ажиллагааны тухай ярилцсан юм.
2015-2018 онд нийт 74 эмч мэргэжилтэн эх хүүхдийн эрүүл мэнд, мэдрэл, зүрх судасны эмгэг, сувилахуй, уламжлалт анагаах ухаан болон халдварт өвчний чиглэлээр тус улсад сургалтад хамрагдсан байна. Харин 2019 онд сүрьеэгийн чиглэлээр 30, зүрх судасны эмгэг болон бэлгийн замын халдварт өвчний чиглэлээр тус тус 25 нийт 80 эмч мэргэжилтэн сургалтад хамрагджээ.
Энэ жилийн сургалтыг монгол хэлээр зохион байгуулж байгаа онцлог давуу талтай бөгөөд энэ нь сургалтын үр өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хараахан эмчлэх боломжгүй зүрхний төрөлхийн хүнд гажигтай 1 хүртэлх насны нярай болон амьдралын түвшин доогуур эмзэг бүлгийн бага насны 100 орчим хүүхдийг БНХАУ-ын Бээжин, Хөх хотын Хүүхдийн зүрхний мэс заслын томоохон эмнэлгүүдэд үнэ төлбөргүй мэс засалд хамруулжээ.
Хөрөнгө оруулалтын чиглэлээр хийж буй ажлын нэг нь "Цахим эрүүл мэнд” төсөл юм. Төслийн хүрээнд нийт 112 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг мэдээллийн технологийн тоног төхөөрөмж болон "e-health” програм хангамжаар хангаж, улмаар эдгээр эмнэлгийн програм хангамжийг холбож, Мэдээллийн үндэсний төвд нэгтгэн зангидах зорилготой.
Одоогоор улсын болон тусгай 12 эмнэлэг, 9 дүүргийн эмнэлэг, 21 аймгийн эмнэлэг болон 6 сумын нийт 48 эмнэлэгт тоног төхөөрөмж болон програм хангамжийн суурилуулалт хийх ба үлдсэн 64 байгууллагад зөвхөн тоног төхөөрөмж хүргэжээ.