- Хөрөнгийн зах зээлийн шинэ тоглогчид хамгийн өндөр дүнтэй ногдол ашиг тараахаар байна
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд энэ онд хэдий хэмжээний ногдол ашиг олгохоо эхнээсээ олон нийтэд зарлаж эхэллээ. Одоогийн байдлаар хамгийн өндөр дүнтэй ногдол ашгийг АПУ компани хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар байна. Тус компанийн нэгж хувьцаанд 71 төгрөг оногдож буй. Нийт 75.5 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилна. АПУ компани өнгөрсөн онд нэгж хувьцаандаа 46 төгрөг буюу нийт 48.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгож байсан. Тэгвэл энэ онд ногдол ашгийн дүн нь эрс нэмэгдсэн байна. Тус компанийн хувьцааны ханш Хөрөнгийн биржийн лхагва гарагийн арилжаагаар 652.57 төгрөгт хүрэв. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 694.4 тэрбум буюу хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлж байна. Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй. Дотоодын хөрөнгийн зах зээлд хожуу хөл тавьсан хэд хэдэн компани ногдол ашиг тараахаа мэдэгдсэн. Үүний нэг нь "ЛэндМН ББСБ”. Тус компани нэгж хувьцаандаа 1.5 төгрөг буюу нийт 1.2 тэрбум төгрөг ногдол ашиг хэлбэрээр олгохоор байна. "Ард Санхүүгийн Нэгдэл” нэгж хувьцаандаа 34.95 төгрөг буюу нийт нэг тэрбумыг, "Монгол Базальт” 225.6 сая төгрөгийг, "Ард Даатгал” 850 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тус тус тараахаар байна. "Лэнд МН ББСБ” компанийн хувьд өнгөрсөн онд нэгж
хувьцаандаа нэг төгрөг буюу нийт 800 сая төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ олгож байв. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас хамгийн өндөр дүнтэй ногдол ашгийг "жижиг” гэх тодотголтой орон нутгийн өмчит "Тавантолгой” компани тарааж ирсэн. Тус компани өнгөрсөн онд нэгж хувьцаандаа 853 төгрөг буюу нийт 44.9 тэрбум төгрөг олгож байв. Харин энэ онд хэдий хэмжээний ногдол ашиг тараахаа хараахан зарлаагүй байна.
zgm.mn