Засгийн газраас гаргасан нэгэн шийдвэрийн талаар үндэсний үйлдвэрлэгчид, тэр дундаа өндөг үйлдвэрлэгчид бухимдаад эхэлжээ. Тодруулбал, Импортын татвар тэглэх хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад Орос өндөг оржээ. Улмаар ЗГ-ын хуралдаанаар батлагдсан байна. Мөн энэхүү татварын хөнгөлөлтийн асуудлаа УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэнэ.
Энэ талаар дотоодын өндөг үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг "Түмэн шувуут" ХХК-ийн захирал Л.Эрхэмбаяр онцолжээ.
Тэрээр, "Ч.Улаан сайдтай уулзав. Импортын татвар тэглэх хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад Орос өндөг орсон байна. Бидний үхэл гэсэн үг л дээ. ЗГ-ын хуралдаанаар ийм жагсаалт баталжээ. Удахгүй татварын хөнгөлөлтийн асуудлаа УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх аж. Орос өндгийг битгий дэмжээч, дотоод өндгөө ч зүгээр орхичих гэсэн саналаа Ч.Улаан сайдад хэллээ. "Та нар өндөгний үнэ битгий хөөрөгдөөрэй. Бид Орос өндөгний татварыг тэглэх саналаа хэзээ ч татаж авч болно" гэж сайд хариулав.
Бид ч зүтгэе. Зөвхөн өндөгний салбарт 10 гаруй компани 600 ажлын байр байгаа юм шүү дээ. Төр засаг арай ийм шийдвэр гаргахгүй байлгүй дээ." хэмээн цахим хуудастаа бичжээ.
АРДЧИЛАЛ.МН