Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдсан билээ. Хуралдаанаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамж гарлаа.
Захирамжид нийтийн тээврийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу 3 сарын 03-ны ѳдѳр хүртэл тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэхийг албаныханд даалгасан юм.
Дээрх захирамжийн дагуу нийтийн тээвэр ямар зохицуулалтаар явахыг нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад "Хотын даргын захирамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний автобусыг өглөө 06:00-10:00 цагт, орой 17:00-21:00 цаг хүртэл явуулах зохицуулалт хийсэн. Ингэхдээ өглөө, орой ид ачааллын үед үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлж, өдрийн цагт явах автобусны тоог цөөрүүлсэн" гэлээ.