Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд улаан өнгийн шинэ автобуснууд явж эхлээд байна. Энэ нь БНХАУ-д АНУ, Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн, "Yinlong Energy” компанийн цахилгаан автобуснууд юм.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд дээрх цахилгаан автобусыг ийнхүү үйлчилгээнд гарган туршиж байна. Ирэх 3 дугаар сарын 2 хүртэл турших энэхүү автобус нь нийт 36 хүний суудалтай, хасах болон нэмэх 50 хэмд ажилладаг, нано технологийн зай хураагууртай, 15-20 минутанд бүрэн цэнэгээ авдаг, дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 60 хувь зардал хэмнэдэг онцлогтой.
Цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэгийг байгуулаад байна. Цэнэглэх байршлуудыг нэмэхээр судалж байна. Үйлдвэрлэгч компани цахилгаан автобусанд 8 жил, батерей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгсөн талаар "Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн дарга Г.Төмөрбаатар хэллээ.
Шинэ автобусны цонхнууд нь 2 давхар шилэн вакум учир өвөл цантахгүй. Зааландаа 8 халаагууртай, хяналтын 5 камертай, зориулалтын гэрэлт самбар зэргийг байршуулж зорчигчийн тав тухыг бүрэн хангажээ. Автобусыг "Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилчид туршиж байна.