Нийтийн тээвэрт картаар төлбөрөө хийн зорчиж буй иргэдээс 10 хүртэл хүн 500 мянган төгрөгийн азтан болох боломжтой талаар "Улаанбаатар Смарт карт" ХХК-иас өнөөдөр мэдээллээ.
Мөн 2 сая төгрөгийн нэг супер азтанг тодруулах аж. Харин сар үнэгүй зорчих эрхийн картаар 100 хүртэл хэрэглэгчийг тодруулах юм. "Ёндоотой карт", "Ёндоотой зорчигч" хэмээх энэхүү урамшуулалт хөтөлбөр нь автобус, нийтийн унаанд цахим картын хэрэглээг нэмэгдүүлэх, цахим карт ашиглаж буй зорчигчдыг урамшуулах зорилготой аж.
Мөн "Улаанбаатар Смарт карт" ХХК нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлсний 5 жилийн ойн хүрээнд хийж буй үйл ажиллагаа юм гэдгийг тус компанийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд мэдэгдлээ.
Өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд энгийн болон хүүхдийн карт, мөн ХААН банк, "Юнител", "Мобиком", "Скайтел" компаниудтай хамтарсан картаар зорчигчид төлөбөрөө хийн үйлчилж байна.
Тодруулга: "Ёндоотой карт", "Ёндоотой зорчигч" урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд "U money" картын арын 16 оронтой тооны 4 тоо таарсан тохиолдолд сарын хязгааргүй картын эзэн болох юм байна. 5 орон таарсан тохиолдолд 500.000 төгрөгийн шагнал, 6 орон таарсан тохиолдолд супер шагнал 2 сая төгрөгийн эзэн болно.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр