УБТЗ ХНН ОХУ руу илгээх хоосон вагоны тээврийн баримт бичиг боловсруулалтанд цаас болон цаасгүй технологийг зэрэг хэрэглэхээр шийдвэрлээд байна.
Энэ талаар УБТЗ болон ОХУ-ын "Оросын төмөр замууд" нийгэмлэгийн цахим мэдээлэл солилцох ажлын хэсгийн Улаанбаатар хотод болсон ээлжит уулзалтаар ярилцан тохиролцоод байна.
Цаасгүй технологийг ачаа тээврийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим баримт бичиг бүхий вагоныг хилийн өртөөнөөс илгээж, хүлээн авах туршилтыг УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Г.Ганболдоор ахлуулсан Статистик бүртгэл , мэдээллийн технологийн албаны инженер , техникийн ажилтнууд хийж гүйцэтгээд байна.
Энэ оны нэгдүгээр сарын 23-нд Сүхбаатар өртөөнөөс Наушки өртөө рүү 47 ширхэг хоосон вагоны тээврийн бичиг баримтыг IFTMIN форматаар хөрвүүлэн, тоон гарын үсгээр баталгаажуулан "Оросын төмөр замууд" нийгэмлэг (РЖД)рүү амжилттай илгээсэн юм.
Илгээсэн цахим тээврийн баримт бичгийг РЖД-ын Этран систем хүлээн авч цахим бичиг баримт бүхий вагон хэмээн албан ёсоор тооцож бүртгэсэн байна. Монголын Гаалийн ерөнхий газар цахим гарын үсгийн хэрэглээг бүрэн нэвтрүүлэх хүртэл УБТЗ нь эхний ээлжинд ОХУ руу илгээх хоосон вагоны тээврийн баримт бичиг боловсруулалтанд цаас болон цаасгүй технологийг зэрэг хэрэглэхээр шийдвэрлэлээ.