Улсын Онцгой комиссын шийдвэрээр гуравдугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагаас хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээнэ. Ингэснээр 40 мянган хүн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл нийслэлд орж ирэх тооцоог холбогдох албаныхан танилцуулсан.
Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газраас хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор "ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авна.
Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэнэ. Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзнэ.
Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамтдаа сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уриаллаа.