Хөвсгөл аймгийн Онцгой комиссын шийдвэрээр шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, Мөрөн суманд зорчин ирж буй тээврийн хэрэгсэл, зорчигчдод хяналт тавих постыг 24 цагаар ажиллуулж байна.
Хууль хяналтын байгууллагын төлөөлөл, малын эмч, хүний эмч гэсэн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж тээврийн хэрэгслийг ариутган, иргэдийн халууныг үзэж хаанаас ирсэн зэрэг асуулт бүхий асуумж бөглүүлж байна. Хяналт энэ сарын 3-наас хойш ажиллаж буй бөгөөд энэ хугацаанд 110 гаруй тээврийн хэрэгсэл, 400 гаруй иргэн Мөрөн хотыг зорин иржээ. Тус пост ирэх сарын 2 хүртэл ажиллах ажээ.