Бид өчигдөр МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий "Тайшир Өргөө” ХХК 2017 онд ХХААХҮЯ-наас 657 толгой хонь "авсан” талаар дурдсан.
Тэдгээр хонийг тухайн онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас "Малыг чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбоотойгоор Франц улсаас импортлон авч ирсэн байдаг. Дэлхийн шилдэг нарийн ноосны чиглэлийн суффольк беришон дьошер, романов, меринос зэрэг үүлдрийн нийт 657 толгой хонь тусгай онгоцоор ирж байсныг уншигчид санаж байгаа байх.
Дээрхийн романов үүлдрийн хонь л гэхэд ихэр төллөдөг. Бүр хоёр буюу түүнээс дээш төллөдөг учир эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн тустай хэмээн малчид авахыг хүссэн ч тухайн үедээ "алга” болчихсон. Беричон үүлдрийн хонь мөн адил үрлийн чиглэлийнх бөгөөд 100 эм хониноос ойролцоогоор 140-160 төл хүлээн авдаг. Харин суффолк үүлдрийн хонь нь махны чиглэлийнх бөгөөд эр хонины амьдын жин 120-140 кг, эм хониных 70-90 кг. Ноосны гарц 4-5 кг татдаг. Зургаан сартай хурга нь гурван настай монгол хоньтой дүйцэхүйц жинтэй. Меринос үүлдрийн хонь нь ноос болон махны чиглэлийнх бөгөөд 4.5-6.6 кг нарийн ноос өгдөг. Эр хонь нь 130 кг, эм нь 80 кг татдаг гэхчилэн яалт ч үгүй шилдэг үүлдрийнх. Малчид, мал аж ахуйтнуудын хувьд аманд орсон шар тосыг аятайхан хүртэхийг хүсэх нь гарцаагүй байлаа.
Салбар яамнаас тухайн оныхоо 9, 10 дугаар сард дээрх хонийг малчдад тараана гэж байсан ч хэн гуайн хотонд очсон нь мэдэгдээгүй. Гэтэл ЖДҮХС-гийн дуулиан дэгдэх үеэр МАН-ын генсек "хашаалсан” болох нь илэрсэн.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий "Тайшир өргөө” ХХК авсан байдаг. Өмнө нь буюу хонийг өөрийн болгохоос өмнө ЖДҮХС-гаас 2017 оны хоёрдугаар сард 375 сая төгрөг авсан байдгийг хүмүүс мэддэг болсон. Нэг ёсондоо "амташсан хэрээ 13 дахина" гээч болсон гэсэн үг.
ХХААХҮ-ийн эрх бүхий албан тушаалтан 2018 онд "П.Сэргэлэн сайдын үед таны асууж байгаа гадны төсөл хэрэгжсэн. Тэр үед сонгон шалгаруултад ороод тэнцсэн компани нь "Тайшир Өргөө” ХХК юм билээ. Тус төслийг манай яамны МАА-н Бодлого зохицуулалтын газраас хэрэгжүүлж эргэн төлөлтийг нь Мал хамгаалах сан дээр 2021 оноос хийж эхлэх хуваарьтай байгаа. Яг одоогоор яаман дээр байгаа бичиг баримтыг АТГ-аас авч шалгалтын ажил хийж байгаа учраас үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэх тайлбарыг өгч байв.
Үндсэндээ "Тайхар өргөө” компани ямар ч мөнгө төлөлгүйгээр Францаас ирсэн хонинуудыг авч 2021 онд эргэн төлөлтөөрөө төл болгон өгөх юм гэнэ. Ёстой л юун ЖДҮХС-гийн зээл. Түүнээс хэдэн дахин өндөр ашиг гарах бизнес байсан байгаа биз.
Жирийн иргэд, бизнес эрхлэгчдэд олдоггүй энэхүү бизнесийг төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий хүмүүст шууд хүрдгийг олон нийт мэдсэн хэдий ч шалгуур нь хэрхэн явагддагийг энэ удаад илүүтэй мэдэрсэн билээ. Ингээд бид "Тайшир Өргөө” ХХК хэдэн оноос МАА-н фермерийн аж ахуйг эрхэлсэн тухайг судлаад үзэхэд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А/531 захирамжаар Ар Шижиртэд фермер эрхлэх газар авчээ. Үүгээр ч зогсохгүй тус компани 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр А/66 тоот газрын захирамж гаргуулан бас л Ар Шижиртэд авчээ. Уншигч та бүхэн анзаарсан бол тус компанид газар олгосон эхний захирамж нь шинэ жилийн баярын өдөр. Өөрөөр хэлбэл, он солигдох өдөр хотын дарга асан Э.Бат-Үүл тус компанид газар олгосон гэсэн үг.
Тэгэхээр Үүл баатраар 12 дугаар сарын 31-ний захирамж гаргуулж чаддаг азтай компани л юм гэж харахаас. Тэгэхээр МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн ах Д.Амгаланбаатар МАА-н чиглэлээр хэдэн жил ажилласан болоод дэлхийд шагшигдах дөрвөн үүлдрийн хонийг ямар сонгон шалгаруултаар яаж авсан бол гэдэг нь анхаарал татаж байна. Уг нь анх малчны бизнес хөгжсөнөөр мал аж ахуйд хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж хэрэгцээнээсээ илүү гарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлсэн гэдэг. Гэтэл яагаад эрх барьж байгаа МАН-ын генсекийн ахын компани дээрх төслийг авчихав гээд олон хардлага, олон ч асуултын тэмдэг бий.
Учир нь Д.Амарбаясгалан Засгийн эрх барьж байгаа том намын генксек хүн. Тэрбээр ямар, ямар хүмүүсийг аль яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох вэ гэдэг дээр нөлөө үзүүлэх бүхий албан тушаалыг хашиж байгаа. Тиймээс л түүнийг малчдад очих ёстой энэхүү ажлыг ахынхаа компанид авч өгсөн үү хэмээн хардаж буй хэрэг. Түүгээр ч зогсохгүй өндөр ашиг, шимт хонь авсан хэрнээ Д.Амарбаясгалан ХОМ-тээ тэмдэглэснээр мал аж ахуйд нь өсөлт харагдахгүй байгаа нь бас хардлага төрүүлж байгаа юм
Хардлагуудыг эцэслэхийн тулд бид эрлээ үргэлжүүлж, эргэн мэдээлэх болно.
Erennews.mn