Энэ сарын 3-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг нээх шийдвэр гарсантай холбогдуулан Өвөрхангай аймагт зам, тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий хяналтын 20 цэгийг ажиллуулж байна.
Аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид болон мэргэжлийн анги, байгууллагын ажилтнууд замын хөдөлгөөнд хяналт тавьж, жолооч нарт зөвлөгөө, мэдээлэл өгөх юм. Тухайлбал, Улаанбаатар-Арвайхээр хот хоорондын А0301, А0302 болон Хархорин сум чиглэлийн А0601, А0602 дугаартай авто замд 25 км тутамд замын хяналтын байнгын цэг ажиллана. Мөн 50 км тутамд замын хөдөлгөөнт хяналт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цэг, 100 км тутамд Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар байрлах аж.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар цас орох төлөвтэй байх тул замын хөдөлгөөнд хууль, дүрмийн дагуу оролцож, халтиргаа гулгаатай замаар хурдаа тохируулан өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж явахыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.
Montsame.mn