Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд хуулийг нэг мөр хэрэглэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах тухай хүсэлтийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, иргэн Р.Шинэгэрэл нар гаргалаа.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн "Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт” гэх 20 дугаар зүйлийн 20.2 дэх хэсэгт Монгол Улсын төрийн тодорхой албан тушаалуудыг нэр заан нэр заан, тэдгээр албан тушаалтан болон, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд нээлттэй тендер шалгаруулалтаас бусдаар төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байж болохгүй. Энэ нь хуулийн хориглолтыг зөрчсөн хэрэг.
Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хүчингүй гэж үзэхээр нэн тодорхой заасан байдаг. Тиймээс бидний зүгээс хүргүүлж буй хүсэлтийн хариуг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна.” гэлээ.
Тус хүсэлтэд, нэр бүхий Улсын Их хурлын гишүүд , Монгол Улсын сайд, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд Монгол Улсын Засгийн газрын харьяа ЖДҮДСангаас илт сонирхлын зөрчилтэй, хууль зөрчсөн гэрээ хийж, төрөөс баталгаа гаргасан зээл авсан нь олон нийтэд ил болоод хоёр жил болж байна. Гэвч нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн энэ асуудлыг шуурхай шалгаж, хуулийн хариуцлага тооцох, хууль зөрчиж хийсэн гэрээг хүчингүй болгох, хөрөнгийг буцаан санд төвлөрүүлж, төрийг алдагдалгүй болгох асуудлууд өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй тул Монгол Улсад хууль нэг мөр хэрэгжих зарчим хангагдаагүй байна хэмээн илэрхийлжээ.
Иймд Монгол Улсын Прокурорын тухай хуулиар олгосон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тухай прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэн ашиг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчиж хийгдсэн нэр бүхий Улсын Их Хурлын гишүүд, сайд албан тушаалтнуудын авсан зээл (төрөөс баталгаа гаргасан)-ийн гэрээг хүчингүй болгох, гэрээнд заагдсан хөрөнгийг буцаан санд төвлөрүүлж, хүү, алдангыг тооцон төрийг алдагдалгүй болгох асуудлыг шуурхай бүрэн шийдвэрлэж өгөхийг тэдний зүгээс хүссэн юм.
Erennews.mn