Шинэ коронавирусний халдвар авахаас урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээнүүдийн нэг нь бохир мөнгөн дэвсгэрт ашиглахаас зайлсхийж, банкны картаар төлбөрөө төлөх юм гэж мэргэжилтнүүд үзжээ.
"Банкны карт ашиглан төлбөр төлөх нь "халдвар тархах эрсдэлийг бууруулах” боломжтой” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Мөнгөн дэвсгэрт гүйлгээнд ашиглагдах хугацаандаа олон зуун, олон мянган хүний гар дамждаг тул үүнд бүх төрлийн хир буртаг, нян бактери хуримтлагддаг. Мэргэжилтнүүдийн хэлснээр, коронавирус нь шатны бариул, суултуурын ус татагч зэрэг хатуу гадаргуутай нэгэн адил мөнгөн тэмдэгтээр дамжин тархах боломжтой ажээ.
Ташрамд дурдахад, олон нийтийг хоорондоо гар барихгүй байхыг эрүүл мэндийн салбарынхан уриалж, ажилтнуудыг хоорондоо хэт ойрхон сууж ажиллахгүй байхыг ажил олгогчид зөвлөж, Францад бие биеийнхээ хацар дээр үнсэж мэндчилэхгүй байхыг эрх баригчид нь уриалсан байна.
Montsame.mn