Нүүрсний экспортын механик зогсолтыг зөв урагшлуулахын тулд квотыг БНХАУ-тай хэлэлцэж, тогтооно
Тавантолгой”-н зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байдаг. Үүний нэг хэсэг дээр үнэлгээ тогтоож, үнэ цэнийг олон улсын стандартад нийцүүлэх нь зөв гэж үзэж байна
Энэ сарын 15-наас улсын урд хилээр нүүрс, зэс болон бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнийг экспортлохоор болсон. Энэ талаар болон "Тавантолгой”-н ордтой холбоотой асуудлаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ сарын 15-наас БНХАУ руу нүүрс экспортлохоор болсон. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?
-Улсын онцгой комиссын дарга хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн. Түүхий газрын тос тээвэрлэх тээвэрлэлтийн асуудлаар Дорнод аймагт миний бие очиж ажиллана. Харин Зам тээврийн хөгжлийн сайд Замын-Үүдэд ажиллахаар болж байна.
-Нүүрс тээвэрлэх компаниудын квотыг хэрхэн тогтоох вэ?
-Орон нутгийн "Тавантолгой” ХХК, "Эрдэнэс Тавантолгой”, "Энержи Ресурс” ХХК зэрэг тээвэрлэлт, олборлолт хийж буй аж ахуйн нэгжүүдтэй ярилцаж байна. Улмаар БНХАУ-тай хэлэлцэж квотыг тогтооно. Эдийн засаг чухал ч аюулгүй байдал түүнээс дутуугүй чухал. Тиймээс энэ хоёр асуудлыг хослуулж явахгүй бол өвчин ороод ирвэл жижиг эдийн засаг дээр нэрмээс болно. Засгийн газарт асар их болгоомжлол байна. Аль аль талдаа тэг зогсолт хийж эрэлт, нийлүүлэлт гацсан анхны тохиолдол болж байна. Энэ механик зогсолтыг зөв урагшлуулах үүднээс өдөрт 200 эсвэл 400 гарах талаар ярина.
-Зогсолт хийсэн хугацаанд улсын төсөв хэдий хэмжээгээр тасарсан бэ?
-Улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасарсан гэдэг тооцоо байгаа. Гэхдээ төсөвт тодотгол хийх эсэх нь тодорхойгүй байна. Сангийн сайд аль болох төсөвт тодотгол хийхгүйгээр цааш явах байр суурь илэрхийлсэн.
-"Эрдэнэс Тавантолгой"-н IPO гаргаснаар 30 хувийг хувьчилна гэдэг асуудлыг АН-ын даргын зөвлөх З.Энхболд ярьсан байна. Та үүнд тайлбар өгөхгүй юу?
-З.Энхболд өөрөө УИХ-ын дарга байхдаа буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 7-нд "Тавантолгой”-г хөдөлгөхийг шийдвэр гаргасан. Тухайн үед МАН-ын бүлгээс Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёр Ажлын хэсэгт орж "Тавантолгой”-н орд газар ард түмний мэдэлд байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар "Тавантолгой”-н орд газрын тодорхой хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах байр суурьтай байгаа. Харамсалтай нь 2020 оны улс төр эхэлж байх шиг байна. Миний хувьд "Тавантолгой”-н ордоор битгий улстөржөөсэй гэж хүсэж байна. Хоёр хүн сууж байгаад л "У.Хүрэлсүх, Д. Сумъяабазар нар "Тавантолгой”-н 30 хувийг хямд үнээр хятадуудад зарах гэж байна” гэж ярьж болохгүй. "Тавантолгой” бол хоёр хүн мэдээд зарчихдаг зүйл ч биш. "Тавантолгой”-н зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байдаг. Үүний нэг хэсэг дээр үнэлгээ тогтоож, үнэ цэнийг олон улсын стандартад нийцүүлэх нь зөв гэж үзэж байна.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ