Индонезын эрх баригчид хүн оршин суудаггүй арлуудын нэг дээр коронавирусний халдвар хүмүүст зориулж, эмнэлэг, тусгаарлах төв байрлуулахаар төлөвлөж байна гэж "The Jakarta Post” сонинд мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, Индонезын Зэвсэгт хүчний командлагч, нисэх хүчний маршал Хади Тчахжанто өнгөрсөн өдрүүдэд Риау арлуудын мужийн бүрэлдэхүүнд ордог хэд хэдэн арал дээр очсон бөгөөд тэрбээр Галанг гэдэг жижигхэн арлыг сонгосон байна. Түүний хэлснээр, уг арал дээр 1976-1996 онд Вьетнамын дүрвэгчдийг байрлуулж байсан банзан байшингууд байгаагаас гадна, цахилгаан, ундны усны худаг байгаа аж. Гэвч Галанг арал нь хөрш Батам арлын олон улсын нисэх онгоцны буудлаас 50 км зайтай оршдог байна.
"Энэ арал дээр 1000 хүний ортой эмнэлэг нэг сарын дотор нээгдэх боломжтой” гэж Индонезын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч онцлон хэлжээ.
Зүүн Өмнөд Азийн тус томоохон улсад коронавирусний халдварын анхны хоёр тохиолдол энэ сарын 2-нд бүртгэгджээ. Үүнээс гадна, Индонезын нийслэл Жакарта, Батам арлаас Малайз, Сингапурт ирсэн хэд хэдэн хүнээс вирус илэрсэн байна.
Montsame.mn