Дэлхий даяар хурдтай тархаж буй короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт голомтын бүс нутгаар зорчсон Монголчуудыг 14 хоног хөл хорионд оруулаад буй.
Тухайлбал, саяхан өмнөд хөрш руу ажлын айлчлал хийсэн Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар түр хугацаанд тусгаарлагдсан. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг Улсын II-р эмнэлэгт тусгаарласан гэх. Харин Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас зөвхөн Ерөнхийлөгчийг комиссаруудынх нь хамт тус эмнэлэгт, бусдыг нь Жаргалант сувилалд тусгаарласан гэх мэдээллийг өгөөд байгаа юм.
Тэгвэл, Өнөөдөр /2020.02.05/ Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийлээ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан нарын албаны хүмүүс оролцов.
Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдсан нэг иргэн цүнхэндээ согтууруулах ундааны зүйл саванд нуун оруулж, бусад иргэдэд дамжуулан нууцаар ууж хэрэглэсэн зөрчил гарсан” тухай онцолсон.
Гэтэл энэхүү мэдээллийг сонссон олон нийт "Хоёрдугаар эмнэлэгт тусгаарлагдсан Ерөнхийлөгчийн багийнхан архидан согтуурсан юм биш биз” гэх хардлага дагуулав. Ингэж хардах болсон учир нь бидний нэрлэж заншсан сайд нарын хоёрдугаар төв эмнэлэгт зөвхөн Ерөнхийлөгч, түүний хамаарал бүхий хүмүүс тусгаарлагдаад байгаа юм.
Н.Бүжин
АРДЧИЛАЛ.МН