Шинэ төрлийн коронавирусны халдварт өвчинтэй тэмцэж буй БНХАУ-ын ард түмэнд туслах аян өрнүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын уриалгыг Монгол Улсын ШУА, харьяа хүрээлэнгийн эрдмийн хамт олон дэмжин нэг өдрийн цалин нийт 24 669 851 төгрөгийг хандивлав.
Энэхүү хандивын батламж бичгийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл БНХАУ-ын ЭСЯ-нд өнөөдөр гардууллаа.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын багт явсны улмаас түр хугацаанд тусгаарлагдсан тул түүнийг төлөөлж Элчин сайдын соёлын зөвлөх Чэнь Шуан хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл "Манай байгууллага 1950 оноос эхлэн БНХАУ-ын ШУА-тай хамтран ажиллаж ирсэн. Тиймээс манай эрдмийн хамт олон Засгийн газрын уриалгыг талархан дэмжиж сэтгэлийн хандив өргөж буйгаа илэрхийлэн энэхүү батламжийг танд гардуулж байна” гэв.
Элчин сайдын соёлын зөвлөх Чэнь Шуан хэлэхдээ, "Бид өдөр бүр монголын ард түмнээс халуун сэтгэлийн хандив хүлээн авч байна. Та бүхний өргөн барьж буй энэхүү тусламжийг хэрэгтэй газарт нь цаг алдалгүй хүргэж ажиллана гэдгээ амлаж байна. Саяхан 6 настай нэг хүү аав, ээжээсээ авсан мөнгөөрөө 11 ширхэг хүүхдийн маск худалдан авч бидэнд хандив болгон өргөсөн. Энэ үйл явдал үнэхээр сэтгэл хөдөлгөсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манай улсад айлчилж сэтгэлийн дэм үзүүлэхийн зэрэгцээ 30 түмэн хонь өглөө. Монголын ард түмний энэхүү халуун сэтгэлийн дэм хоёр улсын найрамдалт харилцааг гүнзгий түвшинд хүргэж байна” гээд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ООГФХ-ийн захирал С.Дэмбэрэл нарт хариу "Талархлын захидал" гардуулсан юм.
Эх сурвалж: Montsame.mn