Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Хятад Ард улс (БНХАУ)-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад олон жил дипломат алба хашсан, Монгол Улсыг сайн мэддэг Элчин сайд томилогдон ирсэнд олзуурхаж байгаагаа илэрхийлж, баяр хүргэлээ.
Элчин сайд Цай Вэньруй БНХАУ-ын дарга Си Жиньпиний мэндчилгээг уламжлаад, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд тулгуурлан харилцан хүртээмжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан шинэ коронавирус (2019-nCov)-ний халдварын тархалтын талаар санал солилцлоо. Дэлхий нийтийн анхаарлын төвд буй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Монгол Улс анхааран ажиллаж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцлоод, БНХАУ-ын ард түмэн халдварын тархалтыг бууруулж, даван гарна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.