Хүнс, Хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци, Монгол-Өвөр Монголын хамтын ажиллагааны нийгэмлэг нар хамтран БНХАУ-ын Ухань хотод гарсан коронавирусын халдвар хурдацтай тархаж буй хүнд нөхцөл байдалд туслахаар "Нэг хүн-1000 төгрөг” уриан дор "Халуун сэтгэлийн хандивын аян”-ыг энэ сарын 02-ноос эхлэн өрнүүлэхээр болсон тухай мэдээлэв.
ХХААҮАссоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат: "Хөрш БНХАУ-ын ард түмэн өнөөдөр хүнд сорилттой тулгараад байна. Тус улсад гарсан шинэ төрлийн коронавирусын халдвар хурдацтай тархаж, гамшгийн хэмжээнд хүрээд байгааг дэлхий нийтээр мэдээлж байна. Энэ асуудал бол нэг улсын дотоод асуудал бус, нийт дэлхийн хүн ардыг хамарсан нэн аюултай гамшиг болон хувирсан учир зэргэлдээ орны хувьд хүнд цаг мөчид нь монголын ард түмэн сэтгэл гарган нэгдэж, туслах нь зүйтэй гэж бодож байна.
"Халуун сэтгэлийн хандивын аян”-ы хүрээнд бид хаан банканд данс нээлгэж, энэ сарын 02-ны өдрөөс эхлэн иргэд, олон нийтээс ирүүлж буй сэтгэлийн хандивыг цуглуулж эхэлсэн. Уг аян маань нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд ирэх сарын 03-ны өдөр бид хандив өгсөн бүх хүмүүсийг нийтэд зарлаж, танилцуулан цугларсан мөнгийг БНХАУ-ын ЭСЯ-нд хүлээлгэн өгөх байгаа.” гэсэн юм.
Дэд ерөнхийлөгч Ш.Төмөрсүх: "Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Хэрэв Монгол Улсын нэг сая иргэн энэхүү аяныг маань дэмжлээ гэж бодоход БНХАУ-д ямар их сэтгэлийн дэм үзүүлэх билээ. Тиймээс хөрш гүрэндээ тохиолдоод буй хүнд цаг үед нь бүгд нэгдэн тусалж, давлагаалцгаая.” гэлээ.
Тус байгууллагуудын зүгээс гаргаж буй уриалгыг хавсаргав.