АНУ-ын Калифорни мужийн Эрүүл мэндийн газрын албаныхан тус улсад коронавирусын 11 дэх шинэ тохиолдол бүртгэгдсэн болохыг баталж байна.
Санта Клара хотын оршин суугч эмэгтэйд тус өвчний шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээ хийж үзэхэд хариу эерэг гарсан бөгөөд түүнийг гэр бүлийнхэн хамт гэрт нь тусгаарлан, эмчийн хяналтад авчээ. Тэрбээр өвчний голомт болох Ухань хотоор аялж ирээд удаагүй байжээ. Мөн эмэгтэйн бие эмнэлэгт хэвтэх хэмжээний хүнд биш байгаа гэж эмч нар мэдээлсэн юм.
Сан Бенито хотын хэсэгт амьдардаг 2 гэрлэсэн хосууд ч халдвар авсан нь тогтоогдсон ба нөхөр нь Уханьд зорчоод ирсэн байсан гэнэ. Иймээс түүний эхнэрт халдварласан хэмээн үзэж байна. Одоо тэднийг эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа аж.
Америкийн Эрүүл мэндийн төвөөс тус улсад коронавирусын халдварын тархалт хурдацтай нэмэгдэх төлөвтэй байгаа болохыг анхааруулсан байна.